ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АХЛАГЧ НАРЫН ӨМНӨ ЯМАР АСУУДАЛ ТУЛГАМДАВ
  • 21:51
  • 3464
Хууль сахиулах салбарын ахлагч нар саяхны нэгэн өдөр өөрт тулгамдаж буй асуудлын хүрээнд хэлэлцлээ.

Тодруулбал, “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын тухай энд өгүүлж байна. ДХИС-ийн Ахлагчийн сургууль уламжлал болгон сургалт захиалагч агентлаг, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хууль сахиулах үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, тэдний хуулиар хүлээлгэсэн үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй зүйлс, гарах арга замыг тодорхойлох, сонсогч, сонсогч-ахлагч, ахлагч, эрдэмтэн судлаач, багш, бусад агентлаг, байгууллагуудын албан хаагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон тус арга хэмжээг зохион байгуулж хэвшчээ.

Хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албаны болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн эрдэмтэн судлаачид, ахлагч нар тус хуралд хамрагдсан юм. Харин оролцогчдын хувьд олон жил ахлагчаар ажилласан, ахлагч нарын зөвлөлийн даргаар ажиллаж буй цэргийн алба хаагчийг урьж оролцуулснаараа онцлог байв. Тус хуралд урилгаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн сургалтын бодлого хариуцсан мэргэжилтэн, ахмад Н.Батдалай, ЦЕГ-ын Сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Долгорсүрэн, Дархан-Уул аймаг дахь ШШГЕГ-ын 435 дугаар хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Өлзийбат нар оролцсон юм. Шүүгчээр Шинжлэн магадлахуйн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон, Гамшиг судлалын төвийн эрхлэгч, хошууч Н.Батсайхан нар ажиллалаа. Эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 88 ахлагч, сонсогч, сонсогч-ахлагч нар илтгэл ирүүлж, хоёрдугаар шатанд 13 илтгэгч илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Харин Хил хамгаалах байгууллагаас Хилийн 0253 дугаар ангийн ахлах ахлагч Э.Оргил, ахлагч Д.Нурболды, Хилийн 0214 дүгээр ангийн ахлагч С.Уранчимэг нар II шатанд амжилттай оролцож хилчин ахлагч нараа төлөөлөн дуу хоолойгоо илэрхийллээ. Ажлын байрны стресс, ажлын байран дахь хүний нөөцийн хомсдол хийгээд давхцал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг өргөн хүрээнд ахлагч нар дуу хоолойгоо илэрхийлж байв. Ингээд дүн гарахад Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дэд ахлагч Б.Цээпилмаа “Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сахилга, ёс зүйн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр тэргүүн байр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн мэргэшүүлэх сургалтын тэнхмийн сургагч, ахлагч Л.Удвал “Дотоод чанарын баталгаажуулалт ба сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт” сэдэвт илтгэлээр дэд байр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ариунтөгс “Хорооны цагдаагийн ажил үүрэгт дүн шинжилгээ хийх нь” сэдэвт илтгэлээр гутгаар байр, Хэв журам хамгаалах газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Гандөш “Стресс ахлагч бүрэлдэхүүний тулгамдсан асуудал мөн болох нь, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр тусгай байрыг тус тус эзэлсэн юм.

Хууль сахиулах салбарын ахлагч нарын хувьд тус бүрийн ажиллаж буй чиглэлээр өмнөө тулгамдаж буй асуудлыг өөрийн дуу хоолойгоор, тоо баримттайгаар илэрхийлэн гаргаж байлаа. Сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, асуулга ч өрнүүлсэн. Ирэх жилийн эрдэм шинжилгээний хурал хилчин ахлагч нарын өмнө нээлттэй. Тиймээс ч хилчин ахлагч нарыг өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг нээлттэй үлдээж байна.