Монгол Улсын Баатар БАЯСГАЛАНГИЙН БАДАМ /1898-1947/
  • 12:04
  • 2749

Баясгалангийн Бадам нь Байтаг Богдын тулалдаанаас төрсөн Монгол улсын баатар юм.Тэрээр 1898 онд Шинжианы Торгуудуудын Ачит бэйсийн хошуунд төржээ. 1939 онд төрсөн дүү Очирын хамтаар БНМАУ-д ирж, бүрэн эрхт иргэн болжээ. Тэрээр Монголд гэр бүл, мал хөрөнгөтэй болж, Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байгаад Ховд аймгийн Булган суманд нутаглан амьдрах болжээ.

Б.Бадам нь 1940-1947 оны хооронд БНМАУ-ын баруун хилээр цөмрөн, дээрэм тонуул хийж байсан Гоминданы хятад, Хасаг дээрэмчидтэй удаа дараа баатарлагаар амжилттай тулалдаж байв. 1947 оны 3-р сард Ж. Нэхийтийн удирдлагад явж дайсны гүнд орж амьд хэл олзлон авч ирсэн. 1947 оны 4-р сард Гоминданы цэргийн 200 гаруй хүнтэй анги хил цөмрөн байрласныг илрүүлэн мэдээлсэн зэрэг түүний гүйцэтгэсэн олон үүргийг дурдаж болно. Б.Бадам нь Хятадын Гоминданы армид цэргийн алба хаасан, хасаг хүмүүстэй хаяа дэрлэн нутагладаг байсан казах, хятад хэлийг сайн мэддэг байв.

1947 оны 6 сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас 48 цагийн дотор үтэр түргэн гарахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэн өгөхөөр Б.Чулуундайн хамтаар очиход нь баривчлан авчээ. Б.Чулуундайг буцаан явуулж, Б.Бадамыг Гоминданы цэргүүд олон улсын харилцааны хэм хэмжээг үл хэрэгсэн, манай улсын бүрэн эрхт элчийг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байна.

Б.Бадамын цогцсыг нь зургадугаар сарын 5-ны өдрийн байлдаанаар дайсныг хилээс үлдэн хөөж гаргасны дараа олж, өөрийнх нь захисан газар Уушигийн эхэн усанд оршуулжээ. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны 6-р сарын 14-ний 146-р зарлигаар Монгол улсын баатар цол нэхэн олгож, АИХТ-ийн 1983 оны 7-р сарын 9-ний 140-р зарлигаар хилийн 0214 дүгээр ангийн Өргөстэйн заставыг эрэлхэг хүү Б.Бадамын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулсан байдаг ба дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.