Монгол Улсын Баатар БАТЫН ДОРЖ /1914-1982/
  • 12:02
  • 2019

Завхан аймгийн Алдархаан сумын Барзан хэмээх газар төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгссөн. 1929-1933 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга, 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч, 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга, 1938-1940 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга, 1940-1948 онд Х ба ДЦХЭГ-ын дарга, ДЯЯ-ы цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд 1952-1956 онд Чойбалсан дахь морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн, “Совмонгол металл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч, 1956-59 онд ЦНАХХЭГ-ын сайд, 1959-61 онд НАХЯ-ны сайд, 1961-1968 онд БНАСАУ-д БНАГУ-д, ХБНСЮУ-д БНМАУ-аас суусан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1968-1969 онд НАХЯ-ны орлогч сайд бөгөөд ХбаДЦХЭГ-ын дарга, 1969-1978 онд БХЯ-ны сайд, 1978-82 онд ХТАЗХ-ны даргаар ажиллажээ.

Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмрсөн Гоминдан, Оспаны дээрэмчдийн устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.

Түүний хөдөлмөрийг үнэлж Сүхбаатрын /2/, Байлдааны гавъяа/ 2/, Алтангадас /2/, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Байлдааны ба ойн медалиуд, ЗХУ-ын Лениний, Улаан тугийн, Эх орны дайны БНБАУ-ын Улаан тугийн одон, Эх орны дайны 2-р одон, Югославын улаан тугийн, БНСЧС-ын улаан таван хошуу одон, медалиудаар шагнагджээ.

Монгол улсын анхны бөгөөд цорын ганц Армийн генерал цолтон. АИХ-ын депутатаар 6, МАХН-ын ТХ-ы гишүүнээр 7 удаа сонгогдсон. Хүндэт хилчин юм. АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Монгол улсын баатар цол хүртэж, 1982 оны 260-р зарлигаар хилийн 0130-р ангийг түүний нэрэмжит болгожээ. Хөшөөг нь төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан сум, Ховд аймгийн  Үенч суманд тус тус босгосон.