Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1927-1931 онд бага сургууль, 1939-1941 онд ДЯЯ-ы төв сургуульд суралцан төгссөн. 1941-1948 онд Замын -Үүдийн отрядын 3-р заставын дарга, 1948 онд Бодончийн 6-р отрядын штабын хилийн албаны туслахаар ахмад цолтой алба хааж байгаад 1948 оны 6 сарын 2-нд Мэргэн ууланд болсон байлдаанд амь үрэгдсэн юм. Тэр Япон, Гоминдан, Манж-гогийн дайнчдын элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнул туршуулуудыг илрүүлэн баривчилж байв.
Зарим гавъяаг дурвал: 1941 оны 12-р сард хилийн манаагаа шалгаж яваад дайсны тагнуул 3 этгээдтэй тулгаран, эрэлхэг зориг гарган дайрч заримыг нь шархдуулан баривчилсан, 1942 оны 4-р сард хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа дайсны морин уналгатай 2 тагнуулыг илрүүлэн отож байгаад гэнэт атаклан, нэгий нь бууныхаа бөгсөөр цохиж унаган, нөгөөг нь баривчилжээ. Удаа дараа тагнул баривчлан, үнэтэй мэдээ олж авах бололцоо олгосон тул 1942 онд УБХТ-ийн тогтоолоор “Байлдааны гавъяаны медаль”- иар шагнуулсан байна. 1942 онд нэг цэргийн хамт манаанд явж байгаад Японы морьтой 7 тагнуулыг илрүүлэн тэдэнтэй байлдан 3-г нь амьдаар барьж, 4-г нь шархдуулан баривчилжээ.
ДЯЯ-ы сайдаас Маршал Х. Чойбалсанд С.Лхагвадоржийн удирдсан застав Японы тагнуул, туршуулуудыг олон удаа эрэлхэгээр баривчлан авч байсан хэмээн илтгэжээ. Удирдсан застав нь 1941-43 онд 34 тагнуул илрүүлэн баривчилсны 9-ийг нь өөрөө барьж, 14 хилчин нь одон, медалиар шагнагдсан байна.
1945 оны 2-р сард Дорноговийн Баянмөнх сумын нутагт Хэнтий, Төв, Дорноговь аймгуудын 70 гаруй мянган адуу үргэлжилсэн цасан шуурганд хөөгдөн хил давах гэж байсныг 3 өдөр, шөнө тэмцэлдэн тогтоож эргүүлжээ. 1945 онд УБХТ-ийн тогтоолоор “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан байна.
1948 оны 6 сарын 2-нд нутгийн 2 ард, морин дивизоны офицер Чогров нарыг буудаж алаад, хилчдээс амьд хэл олзлох зорилготой явсан ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ.
С.Лхагвадоржид УБХТ-ийн 1949 оны тогтоолоор “Улсын баатар” цол нэхэн хүртээж, БНМАУ-ын СнЗ-ийн 1949 оны 5-р тогтоолоор Улсын баатар С.Лхагвадорж, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын дурсгалд зориулан Ховдын Алтай суманд хөшөө босгов. 1970 онд Булган аймгийн төвд хөшөөг нь босгож, алба хааж байсан Дорноговийн отрядын Үзүүр-Усны заставыг АИХТ-ийн 1973 оны 217-р зарлигаар мөн Хууль сахиулах их сургуулийн Хилийн албаны сургуулийг НИТХ-ын 2006 оны 139 дүгээр зарлигаар тус тус түүний нэрэмжит болгожээ.