Монгол Улсын Баатар ЖАДАМБЫН НЭХИЙТ /1914-1983/
  • 18:20
  • 2251

 Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1934-36 онд Булган аймгийн Цагдан сэргийлэхэд цагдаа, 1936-1939 онд Эрдэнэцагааны отрядод цэрэг, бага дарга, жагсаалын дарга, 1939-1953 онд хилийн 5, 6, 24 дүгээр отрядод заставын дарга, сумангийн туслах, сумангийн дарга, 1953-77 онд УБ-ын нисэх онгоцны байцаан өнгөрүүлэхэд шалгагч, тасгийн даргаар ажиллажээ.

1940-1952 онд Монгол улсын баруун хилд Оспан, Гоминданы дээрэмчдийн цуст дээрэм, тонуул, зэвсэгт түрэмгийлэл идэвхжин өрнөсөн он жилүүд байв. Хилийн мөргөлдөөн дээрэм тонуулгүй өдөр тун цөөн байсан, хүнд хэцүү он жилүүдэд улсын хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, олон удаагийн тулгаралт, байлдаануудад дайсны гүнд зориг тэвчээр хатуужил мэдрэмжээрээ ямагт ялан дийлж байв.

30 гаруй байлдаан тулгаралтад орсны заримаас нь дурдвал: 1944 оны намар Гоминданы хороо цэрэгтэй заставын хүчээр байлдсан, 1945 онд Ховдын Булганы чиглэлээр довтолсон Гоминданы ихээхэн хүчний эсрэг 2 салаа цэргийн хүчээр 3 хоног хориглон байлдсан, 1947 оны 5-р сард Байтагбогдод Гоминдан, Осваны 500 гаруй дайсанд цөөхүүлээ бүслэгдэн, дайсанд  ихээхэн хохирол учруулж гарсан, 1947 оны 6 сард Гоминданы 100 гаруй цэрэг Улиастайгаар довтолоход сөрөг давшилт хийн бут цохьсон, 1948 оны 6 сарын 2-нд Мэргэн ууланд байлдсан гэх мэтээр олон удаагийн тулгаралт байлдаанд оролцсон байна.

Түүнийг удирдаж явсан отрядын дарга Ш.Зонров ”1950 он дуустал Оспан, Гоминданы дээрэмчидтэй явуулсан тэмцэлд Нэхийтийн удирдлага, бие оролцоогүй тийм тулалдаан бараг байхгүй. Тэр дайсантай тулалдахдаа айхыг мэдэхгүй баатарлаг зоригтой” гэсэн бол мөн түүнийг удирдаж явсан Бямбаа “Баатарлаг гавъяатай, аймшиггүй ганболд зүрхтэйгээр тэмцэж явсанд түүний гавъяа нь байдаг юм” гэж тодорхойлжээ.

АИХТ-ийн 1962 оны 138-р зарлигаар Улсын баатар цол олгосон ба Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор алба хааж байсан Сэлэнгэ аймаг дахь хилийн шалган нэвтрүүлэх отрядыг түүний нэрэмжит болгов. Сүхбаатарын болон Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медаль бусад тэмдгүүдээр шагнагдсан байна.