ОРОСЫН ХИЛЧДИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
  • 21:54
  • 15090
Одоогоос 80 жилийн тэртээ Халхын голын дайнд Зөвлөлтийн Хиагт, Даур, Мангутын хилчдээс бүрдсэн 502 хүний бүрэлдэхүүнтэй Дотоод хэргийн ардын комиссариатын газрын харьяа хилчдийн шилмэл батальон оролцсон тухай архивын баримт хэдхэн жилийн өмнөөс ил болсон юм.

2011 оны наймдугаар сард Монголын хилчид болоод ОХУ-ын Эрхүү хотноо төвтэй “Дорнод хязгаар” Төрийн бус байгууллагын гишүүд, “Хилчдийн хороо” Олон нийтийн байгууллагын гишүүн, чөлөөнд байгаа хилчин Михайл Владилович Самохвалов, Андрей Георгиевич Трифонов нар Халхын голын 1939 оны байлдаанд оролцож амь үрэгдсэн Оросын хилчдэд зориулан хөшөө босгож, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлсэн юм. Үүний дараа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 28-ны өдөр буюу Оросын хилчдийн өдрөөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалтын цогцолборт боссон Оросын хилчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байхаар шийдвэрлэн, Хилийн 0198 дугаар ангийн хамгаалалтад авсан юм.

Халхын голын түүхт 80 жилийн ойн өмнө  ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников, ХХЕГ-ын СМССХ-ийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, хурандаа Б.Эрдэнэбат, Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Дорнод аймгийн Халхгол сумын удирдлагууд тавдугаар сарын 22-ны өдөр Оросын хилчдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. 

Цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагааны үеэр ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд хэлсэн үгэндээ, “Халхын голын 1939 оны байлдааны үеэр Оросын цэргийн гарамгай жанжин Г.К.Жуковын фронтын шугам дээрх командын байрын хамгаалалтад зөвхөн хилчдийг сонгон авч, Ремизовын өндөрлөгийн төлөө цус асгаруулсан шөнийн тулаанд армийнхан арга туршлага дутаж байх үед мөн л хилчдийг оруулж эзлэн, дайсны хорлон сүйтгэх бүлгүүдийг устгах ажиллагааг зөвхөн хилчдэд даалгаж, Халх голыг гатлах гарамын хамгаалалтыг зөвхөн хилчдэд итгэл хүлээлгэн хариуцуулж байсан гэдэг. Энэ бол Оросын хилчид хэзээд зоригт баатарлагийн үлгэр дууриал байж ирсний амьд жишээ юм. Халх голын 1939 оны байлдаанд өргөсөн тангарагтаа үнэнч байж эрэлхэгээр амиа алдсан Оросын хилчдийн баатарлаг гавьяа монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнх оршино гэдгийг батлан хэлье” гэлээ.

Мөн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников, “Бид хэдхэн хоногийн өмнө Аугаа эх орны дайны ялалтын өдрийг хамтран тэмдэглэсэн. Халхын голын дайны ялалтын өдөр бол Оросын болон Монголын ард түмний хувьд баярт өдөр юм. Энэ өдрүүд манай хоёр орны ард түмнийг үргэлж холбож байдаг. ОХУ-д төдийгүй Монгол Улсад Дэлхийн II дайнд өртөөгүй айл өрх, гэр бүл байхгүй нь тодорхой. Эх орны дайны ялалтад Оросын болон Монголын бүх гэр бүл, цэргийн алба хаагчид өндөр үнэ төлсөн. Энэ хүнд хэцүү цаг үед хоёр орны ард түмний жинхэнэ хүн чанар мэдрэгдсэн билээ. Энэ бол манай хоёр орны ард түмэн дайсны эсрэг хамтран тэмцсэн явдал юм. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж чаддаг гэдгээ ч харуулсан. Манай ард түмэнд эх орны дайны хүнд хэцүү үед тусалж дэмжиж байсан Монголын ард түмэнд үргэлж талархаж явдаг. Бидний Монгол анд нөхөд Халхын голд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдыг санаж, дурсаж явдагт талархалтай байна” гэж онцлон тэмдэглэлээ.

Зөвлөлтийн амь үрэгдсэн хилчдэд зориулсан энэхүү таван талт гантиг чулуун хөшөөний дээр таван хошуу сийлж, дөрвөн талд нь амь үрэгдсэн 30 хилчний нэрийг ган хуудас дээр мөнхөлсөн байдаг. Энэхүү хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа төлөөлөгчид Халх гол сумын “Ялалт” музейгээс зохион байгуулж гаргасан Ремизовын өндөрлөг дэх “Халхын голын дайны хээрийн үзүүллэг”-ийг үзэж танилцсан юм. Энэхүү үзүүллэг нь дайны хамгийн ширүүн байлдаан болсон  Ремизовын өндөрлөгт 3,5 км замд явганаар аялж тэр дайны үеийн үлдэгдэл, соёлын биет өвүүдтэй танилцуулах боломжийг олгох зорилготойгоор 2018 онд хийж эхэлсэн бөгөөд дайны үеийн танк, хуягт, онгоц бусад техник зэвсэг, эд өлгийн зүйлүүдийг цуглуулан, өнгөрсөн дайны үнэн түүхийг аялагчдад бие сэтгэлээрээ мэдрэх боломжийг олгожээ.

“Монголчууд, ялангуяа залуу өсвөр үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, ахмад үеийн баатарлаг гавьяаг мөнхжүүлж, Монгол-Зөвлөлтийн найрамдлаар бахархах, монгол бахархал омогшлыг сэргээн бадраахад өчүүхэн ч гэсэн тус хүргэсэн арга хэмжээ боллоо. Эдгээр үзүүллэг, эд өлгийн зүйлийг цуглуулахад Хилийн 0198 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн тусалж, дэмжиж ажилласанд баяртай байна” гэж “Ялалт” музейн эрхлэгч Л.Мягмарсүрэн хэлсэн юм.