Нэгэн үйл явдлыг нэхэн саная. Одоогоос таван жилийн өмнө энэ үйл явдлын суурь тавигдсан юм. МУБИС-ийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургуулийн түүхийн тэнхимтэй хамтран Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойгоор хилчдийн байгуулсан гавьяаг сурталчилах, оюутан залууст цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, ахмад үеэрээ бахархах үзлийг төлөвшүүлэх эрхэм зорилгын дор тус арга хэмжээг зохион байгуулсан. Энэ саналыг хурандаа Д.Баасанжаргал даргатай ОНХА-ны хамт олон тухайн үед дэмжин хүлээн авч нэгэн өдрийг маш өрнүүн хөтөлбөртэй өнгөрүүлсэн юм. Багш, оюутнууд ийм санал санаачилга гаргасанд олзуурхахгүй байхын аргагүй байв. Учир нь ирээдүйн боловсон хүчин бэлтгэх багш нар бас түүхчид тэд. Түүхээ мэддэг, эх орон, хил хязгаарын үнэ цэнэ, Халхын голын дайнд хилчдийн оруулсан хувь нэмрийг 300 оюутан мэдэж авна гэдэг нь маргаашийн үнэ цэнэтэй юм. Энэ үнэ цэнэ, энэ алсын зорилго таван жилийн дараа ч мөн оршиж Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан тус арга хэмжээг ахин зохион байгууллаа.
Тавдугаар сарын 04-ний бямба гараг. Хэдийгээр амралтын өдөр ч гэлээ өглөөний 11.00 цагт оюутан, сурагчид Соёлын төвд бэлэн цугларсан байлаа. Тус арга хэмжээ энэ жил Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Боловсролын их сургуулийн төгсөгчдийн холбоотой хамтран “Хилийн зөрчлөөс ялалт хүртэл-2” нэрийн дор зохион байгуулагдсан юм. Арга хэмжээний хүрээнд “Халхын голын дайнд хилчдийн байгуулсан гавьяа” сэдэвт уулзалт ярилцлагыг Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын судлаач, дэд хурандаа Н.Даваадорж танилцуулга яриа хийсэн юм. Мөн Улсын хилийн музейн үзмэрүүдийг дэд хурандаа Т.Ганболд тайлбартайгаар танилцуулсан нь оюутнуудын сонирхлыг татаж байлаа. Одоогоос таван жилийн өмнө ОНХА-ны бүтээсэн “Хилийн зөрчлөөс ялалт хүртэл” баримтат киног сонирхуулж, ХЦДБЧ-ынхан уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьсан юм.
Өнгөрснийг дурсана гэдэг сайхан үйлдэл. Өөрөөр хэлбэл ирээдүй рүүгээ өнгийн харж, хойч үеийнхэндээ өгч буй нэгэн ёсны захиас билээ. Тэгвэл эрхэм зорилготой энэхүү захидал хаягласан эзэддээ тодорхой хэмжээнд хүрсэн юм. Зорилго маань ч ийм байлаа. Хойч үе нь наян жилийн тэртээх гавьяаг өнөө цагт дурссан арга хэмжээ энэ байв.